Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны хэлтсээс “Уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн засаглалыг сайжруулах нь” сэдвээр зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтад Эрүүл мэндийн яамны дэргэдэх Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их суруулийн Монгол анагаах ухааны төв эмнэлэг, Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн, Манба дацан эмнэлэг, сургалтын төв, Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын төв, “Ачуут гол” эмнэлэг Баянзүрх, Сүхбаатар дүүргийн эмнэлгийн уламжлалтын тасаг, Мэргэжлийн нийгэмлэг, холбоодын төлөөлөл оролцсон юм.
Уулзалтаар ЭМЯ-наас Уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн засаглалын нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, сайжруулах арга замын талаар мэдээлэл танилцуулж, санал бодлоо солилцлоо.
Уулзалтын үр дүнд уламжлалт анагаах ухааны эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн нийгэмлэг холбоодын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсгийг байгуулав.
Тэд эмнэлзүйн засаглалыг сайжруулахад чиглэсэн уламжлалт анагаах ухааны оношилгоо эмчилгээний заавар, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүрээ боловсруулахаар шуурхай зохион байгуулалтад орж ажиллах шийдвэр гаргалаа.
Мөн уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шинжлэх ухааны “Академич” хэргэм хүртсэн Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирал, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Чимэдцэрэнгийн Чимэдрагчаад хүндэтгэл үзүүллээ.