Монгол Улсын Засгийн газрын 2023 оны гуравдугаар сарын 7-ны хуралдааны 11 дүгээр тэмдэглэлд тусгасны дагуу Эрүүл мэндийн сайдын А/124 дүгээр тушаалаар байгуулагдсан “Шүд” төслийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлын хэсгийн хурал өчигдөр /2023-04-13/ боллоо.
Хурлыг Ажлын хэсгийн дарга, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд удирдаж Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн шүд эрүү нүүрний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа Нүүр ам судлалын сургууль, Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбоо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, “Мишээл кидс” сан болон хувийн хэвшлийнн шүдний эмнэлгүүдийн төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын Засгийн газраас амны хөндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүүхдийн шүд цоорох өвчний тархалтыг бууруулах чиглэлээр үндэсний хөтөлбөрүүдийг үе шаттай авч хэрэгжүүлж ирсэн хэдий ч иргэдийн дунд амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй, шүдээ зөв арчлах дадал, хэвшил бүрэн төлөвшөөгүй, бага насны хүүхдийн шүд цоорох өвчлөлийн үзүүлэлтүүд буурахгүй байгаа тул энэхүү “Шүд” төслийг боловсруулж, хэрэгжүүлэх нь цаг үеэ олсон, нэн чухал асуудал болохыг Ажлын хэсгийн дарга С.Энхболд сайд онцолсон.
Энэ удаагийн хурлаар “Шүд” төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, боловсролын байгууллагын хүрээнд хийгдэх ажлууд; эрүүл мэндийн даатгал, санхүүжилт; нүүр амны салбарын хүний нөөцийн бодлого, тусламж үйлчилгээний хүртээмж; мэдээллийн сан ба цахимжуулалт болон эрүүл мэндийн боловсрол, урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр үйл ажиллагааг зохион байгуулахаар шийдвэрлэв.
“Шүд“ төслийг боловсруулж, хэрэгжүүлэх Ажлын хэсэг хуралдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.