Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат, сумынхаа баяр наадамд 13 удаа түрүүлсэн манлай сумын заан Базарын Доржийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд 576 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, сумын наадмын дөрвөн түрүүтэй заан Ёндонгийн Гантулга 10 даван түрүүлж, Увс аймгийн Хяргас сумын заан Хишигдаваагийн Бумбаяр үзүүрлэв.
Шөвгийн гуравт Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, сумын баяр наадмын таван түрүүтэй манлай заан Б.Бат-Эрдэнэ шалгарсан бол шөвгийн тавд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Нью Бест Хаус ХХК-ний бөх, сумын наадмын дөрвөн түрүүтэй заан Б.Бат-Эрдэнэ, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн арслан Х.Оргилсайханы хүү, сумын заан Доржсамбуу нар үлдэв.
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан бүрд уламжлал болгон олгодог "Үнэнч үзэгчдийн нэрэмжит шагнал"-ыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын заан Доржхорлоогийн Гантулгад Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул, бизнес эрхлэгч, бөхийн хорхойтон Б.Баатархүү, "Өсөх ирээдүйтэй бөх"-ийн шагналыг Архангай аймгийн Өлзийт сумын заан Батбаатарын Бат-Эрдэнэд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын ҮБХ-ны тэргүүн А.Ганзориг нар гардуулав.
Мөн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул, аймгийн арслан Г.Бат-Орших Архангай аймгийн Батцэнгэл сумын заан Оргилсайханы Доржсамбууд "Уран барилдааны шагнал", Цэцэрлэг сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Г.Батболд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын заан Батнасаны Доржсамбууд "Өсөх ирээдүйтэй бөхийн шагнал"-ыг тус тус олгосон юм.
Энэ сарын 22-нд 12.00 цагаас Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО