Монголын шатрын холбооны ээлжит хурал хуралдаж 5 тодорхой асуудлыг хэлэлцэж баталлаа.
1. Өмнөх нарийн бичгийн дарга өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн тул тэмцээн уралдаан явагдаж байгаа энэ үед МШХ-ны хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр шинэ нарийн бичгийн даргаар Х.Эрдэнэдоржийг томилов.
2. Тэмцээн уралдаан зохион байгуулах зөвлөл, Шүүгчдийн зөвлөл, Цол зэргийн зөвлөл, Ёс зүйн зөвлөлүүдээс гарсан гишүүний орны гишүүнийг нөхөж томилсон байна.
3. 2023 онд Монголын шатрын холбоо хийх ажлуудаа хэлэлцэж санал солилцов.
4. Монголын шатрын холбооны ерөнхийлөгч санал оруулж Удирдах зөвлөлийн гишүүд дэмжсэнээр Эцэг эхийн зөвлөл, Ахмадын зөвлөлүүдийг батлав. Эдгээр зөвлөл хурлаа хийж нэрсээ холбоонд өгөхөөр тогтлоо.
5. Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2023.04.01-05-нд зохион байгуулахаар Удирдах зөвлөлийн олонхийн саналаар шийдвэрлэв.
Ташрамд дуулгахад, ЕБС-ийн Математик, физикийн улсын олимпиад 3 дугаар сард зохион байгуулагдаж байгаа учир ийнхүү хойшлуулжээ. Мөн холын аймгаас оролцогчдын аюулгүй байдлыг харгалзан дулаан байх хугацааг сонгожээ.
Түүнчлэн 1 дүгээр сард болох Азийн Шатрын холбооны хурал хойшилж 3 дугаар сард зохион байгуулахаар болж, тус хуралд МШХ-ны удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээр оролцоно.
Уг хурлын үеэр үзэсгэлэн худалдаа гаргах, 2024 онд Монголдоо тэмцээн уралдаан зохион байгуулах санал тавих юм байна.
Энэ оны 4 дүгээр сарын 13-нд эхлэх Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шатарчид эцэг эхчүүд Шенгений виз-д орох тул визний цаг олгох нь 3 дугаар сард давхцаж байгаа аж.
МШХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Эрдэнэдоржийг ийнхүү 32 дахь Нарийн бичгийн даргаар томилж, холбооны тамга, тэмдгийг гардуулж, УЗ-ийн гишүүд ажилд нь амжилт хүслээ.