Хөлбөмбөгийн ертөнцийн шилдэг тэмцээний нэг болох Өмнөд Америк тивийн аварга шалгаруулах 48 дахь удаагийн тэмцээн "Копа Америка-2024" дараа жил буюу 2024 оны 6 дугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 13-нд АНУ-д зохион байгуулахаар болов.
Энэ талаар Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо /Conmebol/ болон Хойд болон Төв Америк, Карибын тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн холбоо /Concacaf/ хамтын ажиллагааны гэрээ /2023.01.28/ байгуулахдаа мэдэгдлээ.
Дэлхийн аваргын 10 түрүүтэй багуудтай, Өмнөд Америкийн аварга шалгаруулах тэмцээн нь 1916 онд анх зохиогдсон бөгөөд Конмеболын гишүүн 10 оронд цагаан толгойн үсгийн дарааллаар зохиогддог бөгөөд "Копа Америка 2024" нь уг журмын дагуу Эквадорт зохион байгуулах байсан юм. Харин Эквадорын хөлбөмбөгийн холбоо уг тэмцээнийг хүлээн авах боломжгүй гэдгээ 2022 оны 11 дүгээр сард мэдэгдсэн билээ.
АНУ өмнө нь 2016 онд "Copa America Centenario" уг тэмцээний 100 жилийн ойн тэмцээнийг амжилттай зохион байгуулж байсан түүхтэй.
"Copa America -2024"-д Өмнөд Америкийн 10 багаас гадна АНУ тэргүүтэй Конкакафын шилдэг зургаан баг, нийт 16 баг оролцох ажээ.
Спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин Таван цагариг сонин