Узбекистаны Ташкент хотноо сонирхогчдын боксын ДАШТ өчигдөр эхэлж, Монголын шигшээ багаас 3 тамирчин хүчээ сорих байснаас хамгийн хүнд жинд өрсөлдөх ОУХМ Х.Бекнур мөрний гэмтлийн улмаас рингэнд гаралгүй тэмцээнээ өнжлөө.
Харин ОУХМ Х.Энх-Амар 57 кг-д Балканы орнуудын аварга, 2022 оны Газрын дундад тэнгисийн орнуудын наадмын аварга Туркийн Батухан Чифтчид шүүгчдийн саналаар 1:4 ялагдал хүлээв. Энэ өдөр 60 кг-д ОУХМ Т.Энхтөр Палестины Anas Sleiman Rihab-тай хүч үзэж, түүнийг 5:0-ээр хожиж ялалтаа авлаа. Тэрбээр энэ сарын 3-нд Доминиканы боксчин, 2021 оны ДАШТ-ий хүрэл медальт Де Ла Крузтэй тулалдана.
Энэ удаагийн ДАШТ 5 дугаар сарын 1-14-нд үргэлжилж шилдгүүдээ тодруулах бөгөөд Ташкентын ринг дээр 107 орны 538 тамирчин өрсөлдөж байгаа юм.