БНСУ-ын Жэнжү хотноо болж буй хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 64 кг-д өрсөлдсөн “Аврагч” спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Ануужин Ази тивийн аваргаар шалгарлаа.
Тэрбээр огцом болон түлхэлттэй өргөлтийн төрлөөр болон нийлбэр дүнгээр дүнгээр тэргүүлж 3 алтан медалийн эзэн боллоо.
Эннэ удаагийн АТАШТ-д 49 улсын 400 гаруй тамирчин хүчээ сорьж байгаа бөгөөд тивийн аваргын төлөөх тулаан 5 дугаар сарын 4-14-ний хооронд үргэлжилнэ.
Тивийн аварга болсон Г.Ануужин 2022 оны ААШТ-ээс огцом өргөлтөөр хүрэл, нийлбэр дүнгээр мөн хүрэл медаль хүртэж байсан юм.
Монголын багийн бүрэлдэхүүнд Б.Эрдэнэзул (49 кг), Э.Энхтамир (59 кг), Б.Хонгорзул (59 кг), Г.Ануужин (64 кг), Г.Энэрэл (71 кг), М.Анхцэцэг (81 кг) нарын тамирчид багтжээ. Шигшээ багийн дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Дэнсмаа нар ажиллаж байгаа.
Монголын баг тамирчдын ахлагчаар Монголын хүндийг өргөлтийн холбооны Ерөнхийлөгч Б.Эрдэнэжаргал ажиллаж байгаа бөгөөд Зүүн Азийн Хүндийг өргөлтийн холбооны Дэд ерөнхийлөгч Ч.Даваадорж, Монголын хүндийг өргөлтийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Үенбаатар, Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Эрдэнэболд, Б.Золбоо нар шигшээ багийнхны хамт Жэнжү хотод очоод байна.
Монголын хүндийг өргөлтийн холбооны удирдлагууд АТАШТ-ий үеэр албаны бусад арга хэмжээнд хамрагдаж, уулзалт, хамтарсан бэлтгэл сургуулилт, техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийн талаар туршлага судалж, хамтран ажиллах юм байна.