Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Боловсролын тэргүүний ажилтан Ж.Сайнбилэг багштай ятга, төгөлдөр хуурын дугуйлангийн сурагчид, Б.Хангай багштай дуулаачийн дугуйлангийн сурагчидтай хамтран 2022-2023 оны хичээлийн жилд сурч мэдсэн бүхнээ гэр бүл, найз нөхдөдөө танилцууллаа.
Тус хичээлийн жилд ятга хөгжмийн дугуйлангийн сурагчид өсвөрийн ардын хөгжимчдийн “Ая эгшгийн зургаан жигүүр” улсын XII уралдаан, “Уран эгшиг” улсын VIII уралдаан, “Гэрэгэ” анхдугаар уралдаануудад оролцож I, II, III, IV, V байруудыг эзэлж уран бүтээлийн өндөр амжилт гаргасан юм.
Дуулаачийн дугуйлангийн авьяаслаг дуулаачид Монголын уламжлалт ятга хөгжим, төгөлдөр хуурын сонгодог аялгуутай хослон тайлан тоглолтдоо оролцож үзэгч олон, багш нараасаа урмын үг, сэтгэл хангалуун, танхим дүүрэн алга ташилтыг хүртэж авьяас, чадвараа үзүүлсэн хүүхэд бүрт өөрийгөө нээх урам зориг хайрласан билээ.
Ташрамд дуулгахад, “Хаврын аялгуу” тайлан тоглолтоо толилуулсан энэ өдөр буюу 5 дугаар сарын 8 -ны өдөр Монгол Улсад анхны хүүхдийн байгууллага үүсэн байгуулагдсаны 98 жилийн түүхт ойн өдөр тохиож байснаараа онцлогтой юм.
Тодруулбал, Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, Их зохиолч Дашдоржийн Нацагдорж одоогоос 98 жилийн тэртээ 1925 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Монгол Улсад “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй анхны хүүхдийн байгууллагыг байгуулсан түүхтэй билээ.