Польшийн Катовице хотноо үргэлжилж байгаа нэг сая ам.долларын шагналтай “IEM Katowice” тэмцээнд дэлхийн шилдэг 24 баг өрсөлдөж байна.
Тус Е спортын “CS:GO” төрлийн тэмцээнд Ази тивийг төлөөлөн Монголын “IHC Esports” баг оролцож байгаа юм.
Урьдчилсан шатанд Бразилын хүчирхэг баг болох “FURIA”, “paiN Gaming”-ийг буулган авч, хэсгийн шатны эрхээ авсан “IHC Esports” ням гарагт /2023.02.05/ дэлхийн чансааны 12 дугаарт бичигдсэн орос, казах залуусаар бүрэлдэхүүнээ зузаатгасан Америкийн “Cloud9” багтай хожигдох эрхгүй тоглолтыг хийж, 2-0 гэсэн харьцаатай ялж шинэ амжилт үзүүлэв.
Тус тоглолтод “IHC Esports” багаас “bLitz” /Б.Гарьдмагнай/ болон “Bart4k” /Б.Баатархүү/ нар тун сайн тоглолтыг үзүүлж, багаа манлайлсан байна.
“IHC Esports” баг тус тэмцээний турш дутуу үнэлэгдэж байсан ч мэргэжилтнүүдийг буруу дүгнэлт гаргасан гэдгийг энэ хожил харууллаа.
Өнгөрсөн шөнө “IHC Esports” баг саяхан дэлхийн чансааг тэргүүлж байсан Америкийн алдарт “FaZe Clan”-тай хожигдох эрхгүй тоглолтыг хийнэ. Хоёр багийн хожсон нь цааш шалгарах бол хожигдсон нь гэртээ харина.
“HLTV”-ийн тогтоосон чансаагаар “FaZe Clan” дэлхийд гуравдугаарт бичигдэж байгаа бол “IHC Esports” 36 дугаар байрт бичигдэж байгаа юм.