Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам /ХНХЯ/, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо /ОНБТСҮХ/, Биеийн тамир спортын улсын хороо /БТСУХ/-ноос Монголын үндэсний паралимпын хороо /МҮПХ/-той хамтран “Эерэг хандлага” сэдэвт сургалтыг даваа гарагт /2023.05.22/ зохион байгууллаа.
“Улаанбаатар” зочид буудалд болсон уг сургалтад МҮПХ-ны спорт холбоод, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ерөнхий боловсролын тусгай сургуулийн төлөөллүүд болон биеийн тамир спортын багш, эрдэмтэд, мэргэжилтнүүд оролцов.
“Эерэг хандлага” сэдэвт сургалтын нээлтэд Монгол Улсын сайд, ОНБТСҮХ-ны дарга Б.Бат-Эрдэнэ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСУХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга, МҮПХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо нар оролцож үг хэлж, сургалтад амжилт хүсэв.
Сургалтаар “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” /ХНХЯ-ны ХАХБХЗГ-ын мэргэжилтэн Б.Болороо/, “Эерэг харилцаа, хандлагад суралцах нь” /Удирдлагын академийн багш, доктор, дэд профессор Б.Хэрлэн/, “Ёс суртахууны манлайлал” /Удирдлагын академийн багш, доктор, дэд профессор Н.Цолмонтуяа/, “Спортын арбитрын ойлголт, ач холбогдол, үр дүн” /Монголын олон улсын үндэсний спортын арбитрын ерөнхийлөгч Г.Батзаяа/, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах нь” /Болосролын судалгааны үндэсний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Ц.Цэвэгмид/, “Паралимпын ангилал” /БТСУХ-ны ГХМТХ-ийн дарга Н.Оюунбат/ зэрэг илтгэл, танилцуулгыг тавьж хэлэлцүүллээ.
Сургалтын төгсгөлд сургалт зохион байгуулагчдыг төлөөлөн МҮПХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо “Эерэг хандлага” сэдвийн дор бүтэн өдөр үргэлжилсэн тус сургалтаас олон талт мэдээлэлтэй болсон оролцогчдод олж авсан мэдээллээ ажил, амьдралдаа хэрэгжүүлэхийг онцлон уриалсан юм.
Мөн БТСУХ-ны БТМХХ-ийн дарга О.Баасанжав, 50 шахам төлөөлөл хамрагдсан энэ удаагийн сургалт амжилттай болсныг онцлоод нийт оролцогчдод цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.