МҮОХ-ноос олон улсын түвшинд анхаарал хандуулж буй сэдэв болох өсвөрийн хүүхэд залуусыг спортод дур сонирхолтой болгох, спортод татан оролцуулах, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор бадминтоны спорт өдөрлөгийг С.Ганбат захиралтай Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 119-р сургуульд зохион байгууллаа.
Налайх дүүрэгт байрлах тус сургууль нь 2013 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 2800 сурагч, 112 багш, 38 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.
Азийн олимпын зөвлөлийн төслийн хүрээнд болсон энэхүү спорт өдөрлөгт 4-5 дугаар ангийн 30 сурагч хамрагдаж олимпын төрлийн спорт болох бадминтоны спортын үндсэн техникийг насны онцлогт тохирсон хөгжөөнт тоглоомын аргаар зааж сургав.
Алслагдсан дүүрэг, сургуулийн сурагчдыг идэвхтэй амьдралын хэв маягт суралцах, спортоор тогтмол хичээллэхийг уриалж тус сургалтад хамрагдсан сурагчдад бадминтоны цохиур бэлэглэсэн юм.
“Сингапур 2010” залуучуудын анхдугаар олимпын наадмын чөлөөт бөхийн аварга Б.Батцэцэг /60кг/, “Наньжин 2014” залуучуудын II олимпын наадмын мөнгөн медальт Б.Дөлгөөн /46кг/ нарын дасгалжуулагч, Налайх дүүргийн “Лиллехаммер” Олимпын зөвлөлийн дарга Д.Мөнхбаяр үйл ажиллагааг хамтран зохион байгууллаа.