Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл БШУЯ болон БЕГ-тай хамтран “Энтрепренёршип ба бизнес эрхлэх ур чадвар” чадамжид суурилсан хөтөлбөрийг танилцуулах семинар болов.
Энэ сарын 7-ны өдөр зохион байгуулсан уг семинарт Улаанбаатар хот болон аймаг орон нутгийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежийн 70 гаруй захирал, удирдах ажилтан цахимаар болон танхимаар оролцов.
Тус хөтөлбөрийн зорилго нь МБСБ-д суралцагчдад гарааны бизнес эрхлэх ур чадвар эзэмшүүлэх, Дизайн сэтгэлгээ арга зүй олгох болон Стартап майндсет төлөвшүүлэх, энтрепренёрын карьерын замналд бэлтгэх явдал юм.
Чадамжид суурилсан тус сургалтын хөтөлбөр нь Ерөнхий суурь буюу зөөлөн ур чадвар эзэмшүүлэх агуулга, Энтрепренёршип ба бизнес эрхлэх ур чадвар, түүнчлэн тухайн салбарт хамаарах мэргэжлийн суурь, мэргэшүүлэх чадамжуудыг эзэмшүүлэх үндсэн гурван чадамжийн нэгжээс бүрдэж байгаа.
Энэхүү модулийн сургалтыг энэ хичээлийн жилдээ багтаан 3 хүртэл МСҮТ, Политехник коллеж дээр турших юм байна. Туршилтын явцад шинэ хөтөлбөрийн дагуу боловсруулсан суралцагчдын шинэ бүтээлд “Бүтээлийн тэтгэлэг” олгох асуудлыг БШУ-ы сайдын хүсэлтийг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хүлээн авч, 10 мянган ам.долларын грант олгохоор боллоо.