Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Н.Мандуулыг хүлээн авч уулзан байгууллагын дотоод бүтэц зохион байгуулалтынх нь талаар хэлэлцэн, зарим нэг үүрэг чиглэлийг өглөө.
Монгол Улсын Засгийн газраас бодлогоор дэмжиж буй өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, зохиомол хомсдол үүсгэхгүй байх тал дээр анхаарч, Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны гуравдугаар сарын 17-ны хамтарсан тушаалаар батлагдсан Ажлын хэсэг эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнэ, зохистой хэрэглээний өнөөгийн байдалд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулж, эм, эмийн хэрэгслийн бараа бүтээгдэхүүний үнэ, чанар, аюулгүй байдалд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Мөн хэрэглэгчийн эрх ашгийг стандарттай уялдуулж ажиллах нь чухал байгааг анхаарууллаа. Үүнд цахим худалдаагаар хэрэглэгчийг хохироох, гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний болон биологийн идэвхт бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгслийн далд сурталчилгаа ихсэж, иргэд хохирч байгаа тохиолдол ихээр гарч байгаатай холбогдуулан хяналт тавьж Зар сурталчилгааны тухай хуульдаа энэ чиглэлийн хууль бус зар сурталчилгааг таслан зогсоох зохицуулалтыг тусгах, аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөний эрх тэгш орчин нөхцөлийг бүрдүүлэх, чанар, аюулгүй байдал хангагдаагүй бүтээгдэхүүн, үйлчилгээнээс хэрэглэгчийн эрх зөрчигддөг байдлыг таслан зогсоохыг даалгав.
Түүнчлэн Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай гэсэн 3 хуулийн шинэчилсэн найруулгыг яаралтай боловсруулж, холбогдох иж бүрдлийг ханган, УИХ, Засгийн газраар батлуулж, шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллахыг үүрэг болголоо.