Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол, Эстонийн Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн гуравдугаар зөвлөлдөх уулзалтын хүрээнд Улаанбаатар хотноо ажиллаж буй Эстони Улсын Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Матти Мурд тэргүүтэй төлөөлөгчдийг 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол, Эстонийн харилцаа, хамтын ажиллагаа цахим засаглал, мэдээлэл технологийн салбарт идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хөгжлийн урт дунд хугацааны бодлого, томоохон зорилтуудыг товч танилцуулав.
Мөн хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, дээд, өндөр түвшний айлчлал харилцан хэрэгжүүлэх зэрэг асуудлаар ярилцав.
Түүнчлэн талууд НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам