Бадминтоны өндөрлөгийн шүүгчийн олон улсын сургалт зургадугаар сарын 18-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжилж байна.
Сургалтыг Монголын бадминтоны холбооны хүсэлтээр Азийн бадминтоны холбооноос томилогдон ирсэн Индонез улсын иргэн Робертус Томми удирдан явуулж байгаа юм.
Сургалтын нээлтэд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг оролцож, шүүгчдэд амжилт хүслээ. Сургалтад 20 гаруй шүүгч хамрагдаж байгаа бөгөөд тэднээс шалгарсан шүүгчид ирэх өдрүүдэд Улаанбаатар хотноо болох өсвөрийн олон улсын тэмцээн болон “Парис-2024” олимпын эрхийн оноо цуглуулах олон улсын тэмцээнүүдэд шүүгчээр ажиллана.
Мөн 8 дугаар сард нийслэл хотноо зохион байгуулагдах Зүүн Азийн залуучуудын наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтах юм.
Бадминтоны өсвөрийн олон улсын тэмцээн 6 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Спортын төв ордны А зааланд болно. Харин олимпын эрхийн оноо цуглуулах олон улсын тэмцээн 6 дугаар сарын 27-ноос 7 дугаар сарын 2-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохиогдох юм