Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2023 оны төсөл сонгон шалгаруулах хорооны хурал өнөөдөр (2023.06.21) эхэлсэн бөгөөд тус хурлаар төсөлд зээл олгох эсэх эцсийн шийдвэрийг хэлэлцэн шийддэг байна.
Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон ХХААХҮ-ийн Сайдын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/37 дугаар тушаалаар батлагдсан хөнгөлөлттэй зээл олгох Ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг хүлээн авах үйл ажиллагааг 2023 оны хоёрдугаар сарын 09-өөс 2023 оны гуравдугаар сарын 10-ны 24.00 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд хүлээн авч, цахим системд нийт 96,7 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бүхий 655 аж ахуйн нэгж төслөө баталгаажуулсан байна.
Үүнээс Улаанбаатар хотод 38,3 тэрбум төгрөгийн 192 төсөл ирснээс сонгон шалгаруулалтын сүүлийн шат буюу хорооны хурлын шатанд 8,6 тэрбум төгрөгийн 43 төсөл тэнцээд байна.
Төсөл ирүүлсэн салбарын ангилал
Эдгээр төсөлд зээл олгох эсэх эцсийн шийдвэрийг төсөл сонгон шалгаруулах хороо (ТСШХ)-ны хурлаар хэлэлцэж, шийдвэрлэдэг. ТСШХ-ны бүрэлдэхүүнд төрийн бус байгууллагын 4 төлөөлөл, төрийн байгууллагын 3 төлөөлөл нийт 7 гишүүн багтдаг. Хорооны хуралд төсөл хэрэгжүүлэгч нь төслөө өөрөө танилцуулж, хамгаалах ба сонгон шалгаруулалтын шат бүрээс авсан онооноос хамааран хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж бүрдэх юм.
Эх сурвалж: Жижиг, дунд үйлдвэрийн газар - Зээл, төслийн хэлтэс