Олимпын өдрийг угтсан цуврал арга хэмжээний хүрээнд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, Монголын волейболын холбооны ерөнхийлөгч асан Д.Содномын 90 насны ойд зориулсан волейболын спортынхны гурван үеийн дурсамж уулзалт өнөөдөр Олимпик хауст боллоо.
Дурсамж уулзалтад Монголын волейболын холбооны ерөнхийлөгч Ц.Чингарьд, 1960, 1970-аад оны волейболын шигшээ багийнхан, “Хирошима-1994” Азийн наадмын шигшээ багийн төлөөлөл, Д.Содном гуайтай хамт волейбол тоглож байсан нам, төрийн удирдах ажилтнуудын төлөөлөл болон үр хүүхдүүд нь оролцов.
Арга хэмжээнд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч О.Одбаяр нар оролцож, Д.Содном гуайд хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр Д.Содномын спорт, олимпизмыг хөгжүүлэн дэлгэрүүлэх үйлсэд оруулсын хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны дээд шагнал “Алтан очир” одонгоор шагнаж, дурсгалын зүйл бэлэглэсэн юм.
Монголын волейболын холбооноос Хүндэт ерөнхийлөгч өргөмжлөл бий болгосныг энэ үеэр мэдэгдэж, анхныхыг нь Д.Содном гуайд гардуулан өглөө.
Мөн “Төр, нийгмийн нэр зүтгэлтэн Д.Содномын волейболын спортын хөгжилд оруулсан хувь нэмэр” сэдвээр Олимпын түүх судлалын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ж.Баасанхүү илтгэл хэлэлцүүлэв.
Д.Содном нь зах зээлийн нийгэмд шилжин орсон хүнд хэцүү цаг үе буюу 1990-1996 онд Монголын волейболын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд холбоогоо олон улсын болон Ази тивийн холбоонд элсүүлэх ажлыг биечлэн удирдаж, волейболын спортын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан билээ.