МҮОХ-ны удирдлагууд Монголын тамирчдын олимпын наадамд оролцох зам мөрийг нээсэн ахмад тамирчдаа сар шинийн босгон дээр хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.
Энэхүү арга хэмжээнд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар байлцав.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Монголын олимпын хөгжилд оруулсан анхдагчдын хувь нэмэр үнэлж баршгүй болохыг тодотгож, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөв.
Олимпын оролцогч ахмад тамирчид цаашид спорт, олимпизмыг сурталчилан дэлгэрүүлэх үйлсэд МҮОХ-той бүхий л талаар хамтран ажиллахаа илэрхийлэв.
Мөн энэ өдөр МҮОХ-нд ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа.
Спорт, олимпизмын салбарын үе үеийн ахмадууддаа удахгүй болох сар шинийн баярын мэндийг дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.