Есөнбулаг /МОНЦАМЭ/. Хантайшир уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой Говь-Алтай аймгийн баяр наадамд улс, аймаг, цэргийн цолтой 256 бөх зодоглон хүчийг үзэж байна.
Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, Монгол Улсын арслан М.Бадарч тэргүүтэй хүчит бөхчүүд наадмыг чимэн зодоглож байгаа юм.
Баяр наадмын үндэсний бөхийн барилдаан өнөөдөр дөрвийн даваа хүртэл үргэлжилсэн бөгөөд зүүний магнай даян аварга Н.Батсуурь, энэ жилийн улсын баяр наадмын түрүү бөх, улсын арслан М.Бадарч нар дөрвийн даваанд өвдөг шороодов.
Н.Батсуурь аварга Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат аймгийн харцага Б.Өлзийсайханд, отгон арслан М.Бадарч Ховд аймгийн Чандмань сумын харьяат аймгийн арслан У.Батцоож нарт тахимаа өгөв.