“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам Монгол Улсын нийслэл хотноо найман өдөр үргэлжилж, өнөөдөр өндөрлөж байна.
Өнөөдөр Налайх дүүрэг дэх хөнгөн атлетикийн талбайд эмэгтэйчүүдийн 3000 м болон эрэгтэйчүүдийн 5000 м-ийн кросс гүйлтийн уралдаан болж байгаа.
Улмаар UG Arena-д сагсан бөмбөгийн гурван тоглолт явагдсанаар наадмын тэмцээн уралдаанууд албан ёсоор өндөрлөнө.
Мөн өнөөдөр 12.00 цагаас БНХАУ болон Хятадын Тайпейн эрэгтэй багууд тоглох бол 14.15 цагаас Монголын эмэгтэй шигшээ БНХАУ-ын багтай өрсөлдөнө.
Хамгийн сүүлд Монголын эрэгтэй шигшээ 16.30 цагаас Хятадын Макаотай тоглох юм. Манай залуус энэ тоглолтод хожвол хүрэл медаль хүртэх билээ.
Улмаар хаалтын ёслол 20 цаг 23 минутад Сүхбаатарын талбайд эхэлнэ. Үнэ төлбөргүй, хэн бүхэнд нээлттэй энэхүү арга хэмжээнд олон шилдэг хамтлаг, дуучид ирж, ая дуугаа өргөх болно.
Хаалтын ёслолд бултаараа цуглаж, наадмаа албан ёсоор өндөрлүүлэхийг та бүхнээс хүсэж байна.