МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг пүрэв гарагт спортын бүтээн байгуулалтыг эрчимтэй нэмэгдүүлэх талаар албан уулзалт хийлээ.
Уулзалтад МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар, Монголын спортын корпорацийн Гүйцэтгэх захирал Б.Хосбаяр, Степпе арена ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Мөнхтүвшин нар оролцов.
Уулзалтаар Монгол улс дахь спортын барилга байгууламжийн нарийвчилсан судалгааг гаргаж, шат дараалалтай бүтээн байгуулалт өрнүүлэх ажлыг манлайлан хэрэгжүүлэхээр хэлэлцэв.
Тухайлбал Хөшигийн хөндий, Хүй долоон худаг зэрэг газрын дэд бүтцийг хангах судалгаа хийж, олон төрөлт спортын цогцолбор буюу “Олимпик арена” байгуулах боломжтой тухай дурдлаа.
Түүнчлэн спортын барилга байгууламжийг сайжруулан нэмэгдүүлснээр дараа дараагийн Азийн томоохон наадмууд болон Залуучуудын олимпын наадмыг эх орондоо зохион байгуулах боломж бүрдэхийг онцлов.