Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон нутаг дахь улсын байцаагчаар 16 албан хаагч томилогдон ажиллаж байгаа бол Архангай, Дорноговь, Увс, Ховд, Хөвсгөл аймаг байцаагчгүй байна.
Эдгээр аймагт улсын байцаагчтай болох асуудал шийдвэрлэгдээгүй байгаа нь тухайн нутаг дэвсгэрийн иргэд, аж ахуй эрхлэгчдийн хуулиар олгогдсон эрхээ хамгаалуулах, төрийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэхэд хүндрэл үүсгэж байгаа юм.
Иймд дээрх аймгийн Засаг дарга нарт өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал хариуцсан орон тооны мэргэжилтнийг яаралтай томилох, улмаар улсын байцаагчийн эрх олгуулахаар нэр дэвшүүлэн холбогдох баримт материалыг ирүүлж, хуулийн хэрэгжилтийг хангаж хамтран ажиллах тухай албан бичиг хүргүүллээ.
Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч, орон нутагт улсын байцаагч ажиллана” гэж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх “хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон төрийн бодлого болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг шалгах, дүнг мэдээлэх” гэж, 18 дугаар зүйлийн 18.1.1-т аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах бүрэн эрхтэй “тухайн нутаг дэвсгэрт хэрэглэгчийн эрхийг хамгаалах бодлого болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд Монгол Улсын Шадар сайд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулдаг жил бүрийн “Хамтран ажиллах гэрээ”-д өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон нутгийн мэргэжилтэн, улсын байцаагч томилон ажиллуулах, улмаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээр удаа дараа тусгагдаж ажилласны үр дүнд өнөөдрийн байдлаар Дархан-Уул, Дорнод, Төв, Завхан аймгууд бүтэц, орон тоондоо өрсөлдөөний зохицуулалт, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зах зээлийн судалгааны асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалыг бий болгож, албан тушаалын тодорхойлолтыг батлуулан ажиллуулж, Баян-Өлгий, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар аймаг гэрээгээр, харин Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Сэлэнгэ, Хэнтий аймагт ажил хавсран гүйцэтгүүлэх байдлаар улсын байцаагч томилогдон ажиллаж байна.