Онцгой байдлын байгууллагаас хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан боловсролын байгууллагын барилга байгууламжид гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж дууслаа.
Хяналт, шалгалтад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа их дээд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжуудыг хамруулав.
Нийтдээ 1170 барилга байгууламжид хяналт шалгалт хийж, 4850 зөрчлийг илрүүлсэн байна. Нийт зөрчлийн 16.8 хувийг газар дээр нь арилгуулж, бусдыг нь арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 611, мэдэгдэл 503, танилцуулга 14-ийг боловсруулж тухайн байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүллээ.
Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, дүрэм зөрчсөн таван хуулийн этгээдийн зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 2.3 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан.
Цаашид илэрсэн зөрчийг арилгуулах зорилгоор хүргүүлсэн албан шаардлага, мэдэгдлийн биелэлтийг хангуулах гүйцэтгэлийн хяналт, шалгалтыг арваннэгдүгээр сарын 13-30-ны өдрүүдэд хийнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.