Нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журмыг 2020 онд баталсан.
Тус журамд зааснаар улсын дугаар нь 1, 6-гаар төгссөн бол даваа гарагт, 2, 7-гоор төгссөн бол мягмар гарагт, 3, 8-аар төгссөн бол лхагва гарагт, 4, 9-өөр төгссөн бол пүрэв гарагт, 5, 0-ээр төгссөн бол баасан гарагт замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарласан байдаг.
Харин тус хязгаарлалтад дипломат байгууллага, тусгай дуут болон гэрлэн дохио тавьж ашиглах зөвшөөрөлтэй, байлдааны болон тусгай зориулалтын, албан ажлын, “тулгуур эрхний бэрхшээлтэй хүн” гэх таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл, нийтийн тээврийн хэрэгсэл, хүүхэд зохион байгуулалттай тээвэрлэсэн болон ажилчдын автобусанд хамаардаггүй.
Тэгвэл Нийслэлийн Засаг даргын 2023 оны есдүгээр сарын 5-ны А/1028 дугаар захирамжаар тус журамд нэмэлт өөрчлөлт орууллаа. Тодруулбал, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журмын 1.2 дахь хэсэг буюу дугаарын хязгаарлалт харгалзахгүй хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслүүдэд “цахилгаан тэжээлт” автомашиныг нэмэв. Ингэснээр цахилгаан автомашинтай иргэд улсын дугаарын сүүлийн орон нь тэгш, сондгойгоос үл хамаарч замын хөдөлгөөнд оролцох боломж бүрдэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС