Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хичээлийн шинэ жилийг угтан зохион байгуулсан сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн худалдаа, нийлүүлэлт, үнийн нөхцөл байдалд агентлагийн даргын удирдамжтай хяналт, шалгалт хийж, хяналт шалгалтын явцын талаар болон хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үнийн талаарх мэдээллийг нэгтгэн цуврал байдлаар мэдээлж байсан билээ.
Мөн хяналт шалгалтаар нийслэлийн Баянүрх дүүрэгт байрлах Номин агуулах худалдаа, Чулуун-Овоо салбарт худалдаалагдаж буй тус компанийн захиалгаар үйлдвэрлэгдсэн “Enjoy” нэрийн сурагчийн дэвтэрт үйлдвэрлэсэн улс болон компанийн талаарх мэдээллийг байршуулаагүй буюу гарал үүсэл тодорхойгүй, түүнчлэн “back to school” арга хэмжээний хүрээнд худалдаалагдаж буй бүтээгдэхүүнд 50 хувь хүртэл урамшуулал олгож буй талаарх сурталчилгааны “хүртэл” гэсэн үсгийн фонтыг үйлчлүүлэгчдэд харагдахуйцаар байршуулаагүй нь хэрэглэгчийг төөрөгдүүлэхүйц, бодит байдлаас зөрүүтэй байсан зөрчлүүдийг арилгуулахаар улсын байцаагчийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 16 дугаартай хугацаатай албан шаардлагыг хүргүүлээд байсан юм.
Улмаар “Номин бизнес клуб” ХХК-ийн зүгээс 2023 оны 9 дүгээр сарын 05-ны 3-77/95 дугаартай албан бичгээр улсын байцаагчийн албан шаардлагын хэрэгжилтийг хангаж, зөрчлийг арилгасан талаарх хариуг ирүүлжээ. Ингэхдээ сурталчилгааны том үсгийн фонтыг ашиглаж хэрэглэгчдэд харагдахуйцаар байршуулсан, мөн гарал үүслийн мэдээллийг сурагчийн “Enjoy” нэрийн дэвтэрт байршуулахаар үйлдвэрлэгчид мэдэгдэл хүргүүлж, шинээр татан авалт хийхээр болсон талаар мэдэгдсэн байна.