Ханжоу хот /burged61.mn/ "Ханжоу-2022" Азийн 19 дүгээр наадмын 11 дэх өдөр Е спортын /DOTA2/ тэмцээнд Монголын баг Азийн наадмын аваргын алтан медалийн төлөө БНХАУ-ын хүчирхэг багтай тунаж үлдэн, 3 цаг өрсөлдөж 2:1-ээр хожигдон Азийн 19 дүгээр наадмын мөнгөн медалийн эзэд боллоо.
"Ханжоу-2022" Азийн 19 дүгээр наадмын 11 дэх өдрийн 15.00 цагийн байдлаар БНХАУ-ын баг тамирчид медалийн тоо болон чанараар 153 алт, 81 мөнгө, 42 хүрэл, нийт 276 мeдаль хүртсэн амжилтаар тасархай тэргүүлж байна.
Хятадын шигшээ багийн араас БНСУ-ын шигшээ баг 31 алт, 42 мөнгө, 63 хүрэл /нийт 136/, Японы шигшээ 33 алт, 45 мөнгө, 47 хүрэл /нийт 125/, Энэтхэгийн шигшээ 13 алт, 24 мөнгө, 25 хүрэл /нийт 62/, Узбекистан 13 алт, 14 мөнгө, 21 хүрэл /нийт 48/ Гонконгийн шигшээ баг 6 алт, 15 мөнгө, 23 хүрэл /нийт 44 медальтай 2-6 дугаар байрт жагсаж байна.
Харин Монголын баг тамирчид өчигдөр Е спорт /DOTA2/-оор 1 мөнгөн медаль хүртсэн амжилтаар 4 мөнгө, 8 хүрэл медальтай 16 дугаар байрыг эзэлж байна. Харин Монгол Улс медалийн чанараар 25 дугаарт жагсаж байна.