Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад гишүүнээр элссэний 50 жилийн ойд зориулсан шуудангийн маркийн нээлт 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Байгалийн түүхийн музейд боллоо.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа нар гарын үсэг зурж, тамгалснаар шуудангийн маркийн үнэт цаас үйлчилгээнд нэвтэрч байна.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага ихээхэн үүрэг гүйцэтгэж, өнгөрсөн 50 жилийн хугацаанд тус байгууллагаас манай улсад 200 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн.
Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад 1973 онд гишүүнээр элссэн түүхтэй.