Монгол Улс, БНСУ-ын Залуу манлайлагчдын уулзалт 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Гадаад харилцааны яаманд зохион байгуулагдав.
Солонгосын талын төлөөлөгчдийг БНСУ-ын Гадаад хэргийн яамны Зүүн хойд Азийн газрын захирал Чой Юун Жүн ахалж, бүрэлдэхүүнд Солонгосын Гадаад хэргийн яамны залуу дипломатчид, улс төрийн намын төлөөлөл болон их, дээд сургуулийн монгол судлалын залуу эрдэмтэн судлаачид багтсан байна.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол, Солонгос хоёр улсын харилцаа “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглээд хоёр улсын харилцааны хөгжилд залуучуудын оролцоо, санал санаачилга, манлайлал чухал үүрэгтэй болохыг онцолж, Монголд зочлох хугацаандаа манай залуу дипломатчидтай ойр дотно танилцан нөхөрлөж, монгол орны түүх, соёл, зан заншилтай танилцаж, хоёр улсын харилцааг цаашид улам хөгжүүлж, харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг бий болгоход өөрсдийн хувь нэмрээ оруулахыг хүсэв.
Уулзалтын үеэр оролцогчид хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон хоёр орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөр зэрэг өргөн хүрээний сэдвээр харилцан илтгэл тавьж, сонирхсон асуудлуудаар дэлгэрэнгүй ярилцав.
Хоёр улсын Гадаад харилцааны сайд нарын санаачилгын хүрээнд залуу манлайлагчдын солилцоог 2022 оноос эхлүүлсэн бөгөөд анхдугаар уулзалтыг өнгөрсөн оны сүүлээр Сөүл хотноо амжилттай зохион байгуулсан болно.