АНУ, Мексик болон Канад улсуудад болох 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Саудын Араб улсад 2027 онд болох Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнүүд үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр эх орондоо хариу тоглолт хийсэн Монголын шигшээ, Афганистаны шигшээд хожигдож ДАШТ-ий урьдчилсан шатнаас хасагдав.
Монголын хөл бөмбөгийн шигшээ баг урьдчилсан нэгдүгээр шатанд Афганистаны шигшээ багтай таарсан бөгөөд эхний тоглолтод 1-0-ээр хожигдсон.
Ийнхүү хариу тоглолтод мөн л 1-0-ээр Афганистаны шигшээ баг хожсоноор Монголын шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтоо өндөрлүүлж байна.
Харин Афганистаны шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан хэсгийн шатны А хэсэгт Катар, Энэтхэг, Кувейт улсуудтай тоглохоор болов. Энэ оны 11 дүгээр сарын 13-наас 2024 оны 6 дугаар сарын 11 хүртэл үргэлжлэх хэсгийн шатнаас хамгийн өндөр оноотой 2 буюу нийт 18 баг дараагийн шатанд шалгарна.
Дэлхийн чансааны 183-т жагсдаг Монголын хөл бөмбөгийн шигшээ багийг 158-т эрэмбэлэгддэг Афганистаны шигшээ ийнхүү хожиж чансаа дээгүүр гэдгээ харууллаа.