Монгол улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан махны экспортыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Стандарт, хэмжил зүйн газар нь ХАЛАЛ гэрчилгээ олгох эрх бүхий итгэмжлэгдсэн байгууллага болох зорилт тавин ажиллаж, булангийн орнуудын зөвлөлийн Итгэмжлэлийн төв (GAC)-ийн халал итгэмжлэлийн үнэлгээнд амжилттай хамрагдлаа.
2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр GAC-ийн үнэлгээний баг Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр болон холбогдох нэгжийн дарга нартай уулзаж, үнэлгээний тайланг товч танилцуулав.
Тус агентлагийн хувьд дараагийн авах арга хэмжээ нь үнэлгээний үеэр илэрсэн үл тохирлуудыг амжилттай залруулж, халал стандартуудын шаардлагыг хангаж ажиллах нь чухал гэдгийг үнэлгээний багийн ахлагч Бэсбэс Саухайл онцлон тэмдэглэв.
Стандарт, хэмжил зүйн газар олон улсын ХАЛАЛ итгэмжлэлийн гэрчилгээг 2023 оны 12 дугаар сарын 15-ны дотор авахаар төлөвлөн ажиллаж байна.
Итгэмжлэлийн үнэлгээ нь баталгаажуулалтын байгууллага тухайн төрлөөр баталгаажуулалт явуулах чадавхитайг хөндлөнгөөс нотлох үйл ажиллагаа юм.
ХАЛАЛ аргаар мах, махан бүтээгдэхүүн, цаашлаад ХАЛАЛ хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжүүд холбогдох стандартын шаардлагыг хангасан бол ХАЛАЛ гэрчилгээг Стандарт, хэмжил зүйн газраас авах боломж бүрдэж байна.