НҮБ-ын Статистикийн хорооны салбар хуралдаанд төслийн хүрээнд хийгдэж байгаа арга хэмжээг танилцуулав
НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс хамтран “Гамшгийн статистик мэдээ: Эрсдэлийн засаглалыг сайжруулах хүрээнд дата мэдээллийг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд салбар хуралдааныг цахимаар зохион байгуулллаа.
Өсөн нэмэгдэж байгаа гамшгаас учрах хохирол, түүнтэй холбоотойгоор эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах хэрэгцээ шаардлага, мөн 2022 онд зохион байгуулсан НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх талуудын 27 дугаар бага хурлаас гарсан “Гамшгийн хохирлын мэдээллийн сан байгуулах” зэрэг шийдвэр нь цаашид улс орон, бүс нутгийн хэмжээнд гамшгийн мэдээллийн сан үүсгэх, түүнд үндэслэн шийдвэр гаргах нь чухал ач холбогдолтойг харуулж байна.
Монгол Улсын хувьд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр ОБЕГ-т хэрэгжүүлж байгаа “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийн хүрээнд гамшгийн 10 төрлөөр хүн ам, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, авто болон төмөр зам, боловсрол болон эрүүл мэндийн байгууллага, цахилгаан шугам сүлжээ болон бусад шаардлагатай элементүүдийн гамшгийн эрсдэл, өртөх байдал, эмзэг байдлыг тодорхойлсон.
Дээрх үр дүнг олон нийт, хэрэглэгчдэд нээлттэй, хүртээмжтэй хүргэх зорилгоор “Гамшгийн эрсдэлийн цахим мэдээллийн сан”-г хөгжүүлж, зураглалыг боловсруулж байгаа бөгөөд эдгээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйл ажиллагаа, түүний үр дүнг энэхүү салбар хуралдаанд танилцуулсан юм.
НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссоос гамшгийн эрсдэлийн мэдээллийн санг хөгжүүлэх хүрээнд хэрэгжүүлж байгаа манай улсын ололт амжилтыг цохон тэмдэглэж, дээрх мэдээллийн санг цаашид хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.