Монгол Улсын Засгийн газар, Шадар сайд стандарт, хэмжил зүйн салбарт бодлогын хэмжээнд анхаарч байгаатай холбоотой өчигдөр Монгол Улсын Шадар сайд, Стандарт, хэмжил зүйн газар, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран сэтгүүлчидтэй хийх уулзалтыг зохион байгууллаа.
Тус уулзалтад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож “Стандарт ба хөгжил” илтгэл тавьснаас гадна хамгийн эрэлттэй салбаруудын стандартын талаарх мэдээллийг салбарын төлөөллүүд өгсөн юм.
Тухайлбал, “Эрүүл мэндийн асуудал ба стандарт” сэдвээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр, “Барилга, зам, дэд бүтцийн асуудал ба стандарт” сэдвээр Барилга хот байгуулалтын яамны Барилга төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд, “Хүнсний аюулгүй байдал ба стандарт” сэдвээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн зэрэг албаны хүмүүс мэдээлэл өглөө.
Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгснөөр Стандарт, хэмжил зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр уулзалтын хаалтыг хийсэн.
Ташрамд дурдахад, стандартыг олон нийтэд таниулах, “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг сурталчлах зорилгоор сэтгүүлчдийн дунд шилдэг бичлэгийн уралдааныг энэ үеэр зарласан юм. Тус уралдааны материалыг ирэх 4 дүгээр сарын 1 хүртэл хүлээн авах юм.