Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Агентлагийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 17 дугаартай удирдамжтай хяналт, шалгалтыг шатахууны жижиглэн болон бөөний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг хамруулан эхлүүллээ.
“Петровис”, “Тэс петролиум”, “Магнай трейд”, “Шунхлай”, “Сод Монгол” зэрэг аж ахуйн нэгжийн жижиглэн худалдаа эрхлэгч шатахуун түгээх станцуудад өнөөдөр хяналт, шалгалт хийлээ.
Хяналт шалгалтад хамрагдсан зарим ШТС-д АИ-92 автобензин хэвийн олгож байсан бол заримд нь дууссан, татан авалт ирээгүй байгаа тул олгохгүй байна гэж байлаа. Шатахуун дууссан байгаа талаараа “Ойрын үед ачаалал өндөр байгаа. Мөн амралтын өдрүүдэд агуулахаас татан авалт хийгддэггүй тул ажлын эхний өдөр нөөц дууссан, татан авалтаа хүлээж байна” гэсэн тайлбарыг хийлээ. Харин ихэнх ШТС-д дизель түлшний нөөц бага, гэрээт болон хэрэглэгчийн карт, талонтой хэрэглэгчдэд хязгаартайгаар олголт хийж байлаа.
Шатахууны жижиглэн болон бөөний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын ажил 30 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Энэ хүрээд шатахуун импортлогч аж ахуй эрхлэгч тус бүрээр нөөцийн мэдээ гаргуулах, үнэ бүрдэлтийн мэдээлэлд судалгаа, шинжилгээ хийх, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд зөрчлийг арилгуулах, холбогдох хуулийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэх, хяналт шалгалтын дүн мэдээг нэгтгэн, санал боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм.