Монгол Улсын анхны цахим сургууль болох “MEDLE”-гийн үйл ажиллагааг 2022-2023 оны хичээлийн жилээс эхлүүлээд байгаа билээ.
Тус цахим сургуульд 21 аймаг, 9 дүүргийн ерөнхий боловсролын 499 сургуулийн 10 дугаар ангид суралцдаг нийт 10407 сурагч хамрагдсан байна. Цахим сургуулийн сурагчид 16 судлагдахууныг 620 бүлгээр суралцаж, шилдэг 148 багшаар хичээл заалгаж байгаа юм.
Цахим сургуулийн онцлог нь хүүхэд хаана амьдарч байгаагаас үл хамааран Монголын хамгийн сайн багш нараар хичээл заалгах боломжийг бүрдүүлж байгаад оршиж байна. Мөн хүүхэд дуртай хичээлээ судалж, хүссэн мэргэжлээ сонгох боломж бүрддэггүй байсан асуудлыг ийнхүү шийдэж өгч байгаа гэдгээрээ чухал ач холбогдолтой.
Энэ жилийн хувьд зөвхөн 10 дугаар ангийн сурагчид хамрагдаж байгаа бол ирэх жилээс 11, 12 дугаар ангийн сурагчид хамрагдах юм байна.
Эх сурвалж: БШУЯ