Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллах чиглэлээр санал солилцох уулзалтыг пүрэв гарагт /2024.02.01/ зохион байгууллаа.
Энэхүү уулзалтын хүрээнд цагдаагийн байгууллагаас хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг эрсдэлээс хамгаалах үйл ажиллагаанд хүний эрх, тэгш байдлыг ханган ажиллах чиглэлээр санал солилцов.
Уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд, тус газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Л.Нямдаваа, Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Мөнгөншагай, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид, гишүүн Б.Энхболд, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц нар оролцлоо.
Цагдаагийн хурандаа Б.Сүхболд хэлсэн үгэндээ:
“Цагдаагийн байгууллага жил бүр хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, алба хаагчид хүний эрхийн мэдрэмжтэй ажиллах, алба хаагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ төлөвлөж, биелэлтийг ханган ажиллаж байна. Цаашид цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, бэлтгэгдсэн сургагч багшаар дамжуулж алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр 11 ажлын хүрээнд тус байгууллагатай хамтран ажиллана” гэдгийг онцоллоо.