Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит цуврал тэмцээн "Парис-2024" Их дуулга Францын нийслэл хотноо баасан гарагт /2024.02.02/ эхэлсэн бөгөөд энэ өдөр хүчээ сорьсон Монголын жүдочид медаль хүртэж чадалгүй тэмцээнээ дуусгалаа.
Эхнии өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, Э.Сумъяабазар, 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр,эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, Г.Наранцэцэг, 52 кг-д Л.Сосорбарам, Б.Уранзаяа, 57 кг-д Л.Энхрийлэн нар хүчээ сорин барилдсанаас Ё.Басхүү, Б.Баасанхүү нар 5 дугаар байрт, Л.Сосорбарам 7 дугаар байрт тус тус шалгарсан байна.
Харин Арабын нэгдсэн Эмират улс/АНЭУ/-ын нэрийн өмнөөс барилдаж байгаа Б.Нармандах 66 кг-д медалийн төлөөх барилдаанд гавьяат тамирчин Ё.Басхүүг цэвэр /иппон/ ялж Парисын Их дуулгын хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 48 кг жинд АНЭУ-ын тамирчин болсон Б.Хорлоодой 5 дугаар байрт шалгарлаа.
Өнөөдөр болон маргааш Парисын дэвжээнд эрэгтэйчүүдийн 73 кг-д Б.Эрдэнэбаяр, 81 кг-д Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д Б.Гончигсүрэн, эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч, Ц.Энх-Оргил, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, С.Лхагвадулам, -78 кг-д О.Хүслэн нар хүчээ сорин барилдах юм.
Парисын Их дуулгын эхний өдрийн тэмцээний дараа Францын шигшээ баг 3 алт, 1 хүрэл медальтай тэргүүлж байгаа бол Японы баг 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл медальтай 2 дугаарт, Косово 1 алтан медалтай 3 дугаар байр эзэлж байгаа аж.