Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит цуврал тэмцээн "Парис-2024" Их дуулга Францын нийслэл хотноо болж байгаа бөгөөд 2 дахь /2024.02.02/ өдрийн барилдаанд хүчээ сорьсон Монголын жүдочдоос эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч Их дуулгын хүрэл медаль хүртлээ.
Энэ өдөр эрэгтэйчүүдийн 73 кг-д Б.Эрдэнэбаяр, 81 кг-д Г.Болор-Очир, эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч, Ц.Энх-Оргил, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, С.Лхагвадулам нар хүчээ сорин барилдсан юм.
Парисын Их дуулгын 2 дахь өдрийн тэмцээний дараа Францын шигшээ баг 4 алт, 2 хүрэл медальтай тэргүүлж байгаа бол Японы баг 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медальтай 2 дугаарт, Косово 1 алтан медаль, 1 хүрэл медальтай 3 дугаар байр тус тус эзэлж байгаа аж. Тэдний араас Герман, Белгийн шигшээ баг тус бүр 1 алтан медальтай 4,5 дугаар байрт бичигдэж байна.
Монголын шигшээ багийн хувьд 107 орноос 13 дугаар байрт явж байгаа бөгөөд Парисын Их дуулгаас 15 жил дараалан медаль хүртэж байгаа шигшээ багийнхаа амжилтыг Б.Ганхайч ийнхүү үргэлжлүүлж чадлаа.