Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.02.12-18/ нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 92 суманд аюулт үзэгдэл, ослын 196 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 5 хүн нас барж, 5 хүн гэмтэж бэртсэн байна.
Нийт дуудлагын 60 нь гал түймэр, 126 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 8 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
Нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй, зарим газартаа 100 см хүртэл зузаан цастай. Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын нөхцөл үүссэн.
Улсын хэмжээнд 2 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 667.841 толгой мал хорогдсон бөгөөд Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод аймгууд хамгийн өндөр хорогдолтой байгаа юм.
Оны эхний нийт малын тоотой харьцуулахад улсын дундаж 1 хувь, Сүхбаатар аймаг 5.3 хувь, Хэнтий 2.8 хувь, Дорноговь аймаг 3.6 хувь, буюу хэвийн хорогдлын хэмжээнээс давсан байна.