Японы сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж, хэд хэдэн сахилгын асуудал хэлэлцлээ. Юуны өмнө дэвжээнийхээ бөхчүүдийг зодох, дэглэх хэрэг үйлдсэн маэгашира Хокүсэйхо /А.Даваанинж/-гийн гаргасан зодог тайлах хүсэлтийг хүлээн авч, сүмо бөхийн тооноос хаслаа.
Мөн шавиа хүмүүжүүлж чадаагүй, дэвжээнд нь дэглэлтийн хэрэг гарсан Миягино оякатаг хоёр зэрэглэл бууруулах шийтгэл оноолоо. Ийнхүү тэрээр холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс гарч, ояката нарын хамгийн доод хэсэгт орно гэсэн үг юм. Мөн Миягино оякатаг гурван сарын цалингийн 30 хувиар торгожээ. Ирэх гуравдугаар сарын тэмцээнд Исэгахама галаас тусгай ояката илгээж, Миягино дэвжээнд хяналт тавьж ажиллана гэсэн тун хачирхалтай шийдвэр гарсан байна. Ингээд Хаврын тэмцээний дараа холбоонд тайлан тавих ажээ.