МҮОХ-ны Гишүүдийн ээлжит хурал өнөөдөр Худалдаа аж үйлдвэрийн их танхимд боллоо. Хуралд 180 гишүүн оролцохоос 129 нь хүрэлцэн ирж, 71.6 xувийн ирцтэйгээр эхэлсэн юм.
МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны Гишүүн Б.Баттүшиг хурлыг нээж, 2023 онд МҮОХ нь түүхэндээ хамгийн олон түнш байгууллагуудтай хамтран ажилласан төдийгүй хамгийн олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлснийг онцлов.
МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган өнгөрсөн нэг жилийн үйл ажиллагааны тайланг танилцуулав. Түүнчлэн гишүүнчлэлийн асуудлыг Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар хэлэлцүүлж батлууллаа.
МҮОХ-ны дүрмийн дагуу Хянан шалгах зөвлөлөөс 2023 оны үйл ажиллагаа, бичиг хэрэг, санхүүгийн шалгалт хийж дүнг гишүүдэд хүргэлээ.