МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 23 /ТАСС/. “Крокус сити холл” концертын танхимд болсон халдлагын үеэр шархдаж эмнэлэгт хүргэгдсэн гурван хүүхэд нас барсан тухай Москва мужийн Эрүүл мэндийн яамны цахим хуудсанд мэдээлжээ.
Тус яамны цахим хуудсанд Москва хот болон Москва мужийн эмнэлгүүдэд хүргэгдсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг бямба гаргийн өглөө нийтэлсэн байна. Одоогоор 121 хүн 20 орчим эмнэлэг, амбулаторид хүргэгдсэний дотор 7, 8, 11 настай гурван хүүхэд байна.
Халдлагын үеэр амиа алдсан болон шархдаж гэмтсэн хүмүүсийн ар гэрийнхэнд шаардлагатай бүх мэдээллийг өгөхийн тулд “Крокус сити холл”-оос холгүй орших “Кубик” бизнесийн төвд тусламжийн төвийг нээжээ.
Гуравдугаар сарын 22-ны баасан гаргийн орой Красногорск хотын “Крокус сити холл” концертын танхимд халдлага болсон юм. Энэ үеэр тус танхимд "Пикник" хамтлагийн тоглолт эхэлсэн байсан бөгөөд үл мэдэгдэх этгээдүүд автомат буугаар галласан байна. Барилгад мөн дэлбэрэлт болж, гал гарчээ. ОХУ-ын Мөрдөн байцаах хорооноос мэдээлснээр, террорист халдлагын улмаас 60 гаруй хүн амиа алдсан байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал