Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др. Сокорро Эскаланте Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт өнөөдөр /2023.03.06/ итгэмжлэх захидлаа гардуулав.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДЭМБ-ыг төлөөлж манай улсад суух Суурин төлөөлөгчөөр томилогдсон Др. Сокорро Эскалантед баяр хүргэж, Монгол Улс, ДЭМБ-ын үр ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, манай улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд тус байгууллага үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг талархан дурдав.
Суурин төлөөлөгч Др. Сокорро Эскаланте ДЭМБ, Монгол Улсын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, Монгол Улсын төр, засгаас хүн амынхаа эрүүл мэндэд анхаарч, тодорхой санал санаачилгууд дэвшүүлэн ажиллаж байгааг тэмдэглээд энэ хүрээнд хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.