Японы Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн 2024 оны Зуны буюу Нацү башёгийн 2 дахь өдөр /2023.05.13/ мэргэжлийн сумо бөхийн 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Дайэйшо /М-1/-той барилдах байсан ч түүний бэртэл бүрэн эдгээгүйн улмаас дэвжээг орхиж, башёг өнжихөөр болжээ.
Харин цолоо алдахад хүрээд байгаа Озэки Киришима Б.Лхагвасүрэн, Хирадоүми /М-2/-тэй учраа тааран барилдаж, түүнийг ошидаши мэхээр хаяснаар 1 унаа, 1 даваатай болоод байна.
Энэ башёгаас эхлээд аварга цолтой байсан өвөөгийнхөө Котозакура нэрээр барилдахаар болсон Озэки Котоновака, Атамифүжи /М-1/-тэй таарч барилдан түүнийг катасукаши мэхээр давж, унаа даваа 1-1 болов.
Нацү башёгийн 2 дахь өдөр Комүсүби Оносато Охо /М-4/-той учраа тааран барилдаж түүнд ёриоири мэхээр ойчиж 1 унаа, 1 даваатай болов.
Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Сэкиваке Аби-тай таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаснаар 2 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Мөн энэ өдөр хамгийн ахмад бөхчүүдийн нэг Тамаваши Б.Мөнх-Оргил /М-9/, Шонанноүми /М-10/-тэй учраа тааран барилдаж түүнд хатакикоми мэхээр ойчиж 1 даваа, 1 унаатай болоод байна.
Жүрёогоос дэвшин барилдаж байгаа Миторюү Б.Төрболд /М-13/, Рюүдэн /М-14/-тэй учраа таарч барилдан түүнд ёрикири мэхээр ойчиж энэ башёг 2 унаатай үргэлжлүүлж явна.
Мэргэжлийн сумо бөхийн дээд /Макүүчи/ зиндаанд анх удаа барилдаж байгаа монгол сумоч 27 настай Ошома П.Дэлгэрбаяр /М-14/, Рога /М-15/-тай таарч барилдан түүнийг окуридаши мэхээр хаяж 2 даваатай боллоо.
Энэ өдөр Озэки Такакейшо, Гонояама /М-2/-тай учраа таарсан ч барилдалгүй мөн л башёг өнжиж байгаа аж.