Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 201 дүгээр тогтоол болон НИТХ-ын 2024 оны 05 дугаар тэмдэглэлээр “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг баримт бичигт нийцүүлэн холбогдох төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор 500 хүртэлх тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд 2024 онд багтаан арилжаалахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт зөвшөөрсөн билээ. Энэ хүрээнд нийслэлийн үнэт цаасны хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих, үнэт цаасны хүү болон үндсэн төлбөрийн эргэн төлөлтийг нийслэлийн төсөвт тусган ажиллахыг даалгасан юм.
Тиймээс Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4-т төсвийн жилийн явцад шинээр бий болсон аливаа орлого, эх үүсвэр, зээл, хандив, тусламж, тэдгээрээр санхүүжүүлсэн үйл ажиллагааны зарлага нь төсвийн бүрэлдэхүүн байх, 34 дүгээр зүйлийн 34.2.2-т урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, орон нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл байдал бий болсон гэж заасныг тус тус үндэслэн нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барилаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС