Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга өнөөдөр олон түмнээ “Олимпын өвөө” хэмээн алдаршсан Шагваржавын Магванд Монгол улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн медалийг биечлэн гардууллаа.
Өдгөө 97 насыг зооглож буй Ш.Магван нь 1969-1978 онд МҮОХ-г тэргүүлж байсан бөгөөд 1977 онд ОУОХ-ны гишүүнээр сонгогдсон эрхэм хүмүүн юм. “Мюнхен-1972” олимпын наадмаас хойш өвөл, зуны нийт 25 олимпын наадамд оролцжээ.
Соёлын гавьяат зүтгэлтэн, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван нь 1969 онд Биеийн тамир, спортын эвлэлийн Төв зөвлөлийн дарга, дараа нь МҮОХ-ны ерөнхийлөгчөөр томилогдон 1978 он хүртэл ажиллаж байв. 1977 онд ОУОХ-ны гишүүнээр сонгогдсон бөгөөд 2007 оноос өнөөг хүртэл ОУОХ-ны хүндэт гишүүнээр улс эх орноо төлөөлөн ажиллаж байна.
Энэ үеэр Ш.Магван гуай О.Баттулга дарга хандан хэлсэн үгэндээ нийтийн биеийн тамирыг эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг, аж төрөх ёсны салшгүй хэсэг болгон, хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, спортыг дэмжих, тамирчдыг тив, дэлхийн төвшинд өрсөлдөх чадвартай болгох их үйлсдээ амжилт гарган ажиллаж байгааг дурдаж, БТСУХ-ны нийт ажилтан албан хаагчдад баярын мэнд хүргэлээ.
Эх сурвалж: БТСУХ