ТОКИО, 2024 оны есдүгээр сарын 4 /NHK/. Японы нийслэл хотын бэлгэ тэмдэг болсон алдарт Токиогийн цамхаг 190 сая дахь зочноо хүлээн авсныг тохиолдуулан өнөөдөр ёслолын ажиллагаа зохион байгуулжээ.
Минато дүүрэгт байрладаг 333 м өндөр энэхүү цамхаг нь анх 1958 онд радио цамхгийн зориулалтаар нээгдэж байв. Түүхэн үйл явдлын гэрч болсон зочид нь АНУ-ын Сиэтл хотоос ирсэн нэг гэр бүлийн Тоби Тон, Лорен Тон нар ажээ. Тэд өнөөдөр Японы болон дэлхийн өнцөг булан бүрээс цамхгийг үзэхээр ирсэн олон мянган жуулчны дунд байлаа.
Хос хоёр цамхгийн албан ёсны бэлгэдэл сахиуснууд болох ах дүү Ноппон нартай хамт ёслолын ажиллагаанд оролцож, цэцгийн баглаа, дурсгалын бэлэг гардан авчээ. Одоогоос таван жилийн өмнө гэрлэсэн боловч цар тахлын улмаас Токио руу аялж чадаагүй байсан тэд бал сараа тэмдэглэхээр ирээд буй нь энэ ажээ.
Тэд Токио хотын дүр зургийг харахын тулд цамхагт зочилсон бөгөөд чухал үйл явдлын гэрч болсноо сонсоод маш их гайхсан байна. Эр нөхөр нь ярихдаа, цамхгаас харагдах үзэмж төгөлдөр дүр зураг бол урьд өмнө харж байсан бүх зүйлсийн дотроос хамгийн гайхалтай нь хэмээн тодорхойлжээ.
“Tokyo Tower” компанийн ерөнхийлөгч Маэда Шин хэлэхдээ, цамхгийн хувьд түүхэн өдөр тохиож буйг дурдаад, Токиогийн цамхаг нь хувьсан өөрчлөгдөж буй их хот ба түүний зочдын хамтаар энд оршсоор байх болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Э.Хулан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!