Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд даваа гарагт /2024.09.09/ АНУ-ын Худалдааны яамны Олон улсын худалдаа хариуцсан дэд сайд Хатагтай Мариса Лагог хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хоёр улсын Засгийн газар агаарын тээврийн “Open Sky” хэлэлцээрийг 2023 оны 08 сарын 03-нд хийсэн гэдгийг дурдаад, манай улс шууд нислэг хийх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгааг хэллээ. Тодруулбал, бэлтгэл ажлын хүрээнд АНУ-ын Холбооны Нисэхийн Захиргаа болон тээврийн аюулгүй байдлын албатай хамтран ажиллаж байгааг онцлоод, Холбооны нисэхийн захиргааны IASA аудитын шалгалтад бэлтгэх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх “The Wicks Group Consulting” компанитай хамтран ажиллаж байгааг дурдсан юм.
Мөн энэ хүрээнд АНУ руу шууд нислэг үйлдэх “Бойнг 787-8” хөлгийг үйлчилгээнд нэвтрүүлэх, агаарын тээврийн гэрчилгээжих бэлтгэл ажлыг хангаж байгааг тодотгоод, хоёр улсын Засгийн газар агаарын тээврийн хэлэлцээ байгуулах, бэлтгэл ажил хангах чиглэлд АНУ Худалдааны яамнаас дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллаж байгаад талархал илэрхийлсэн юм.
Энэ үеэр АНУ-ын Худалдааны яамны Олон улсын худалдаа хариуцсан дэд сайд Хатагтай Мариса Лагог цаашид энэхүү шууд нислэгийг богино хугацаанд эхлүүлэх ажилд анхаарал хандуулан ажиллахыг хүслээ.
Мөн төмөр замын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд АНУ-ын Прогресс рэйл” компаниас хүлээн авсан 16 зүтгүүрийг үйлчилгээнд нэвтрүүлсэн гэдгийг танилцуулаад, цаашид Монгол Улсад шинээр барих төмөр замд шинэ зүтгүүр авах боломжуудыг судалж үзэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх тал дээр хамтран ажиллах боломжтой гэдгийг хэллээ. Хамтын ажиллагааны хүрээнд зам тээврийн салбарт хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зарим ажлуудын талаар санал солилцсон юм.
АНУ-ын Худалдааны яамны Олон улсын худалдаа хариуцсан дэд сайд Хатагтай Мариса Лаго хэлэхдээ “Монгол Улсын зам тээврийн салбарт ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөт ажлууд, хэтийн зорилготой танилцсандаа баяртай байна. Энэ нь бидний цаашдын хамтын ажиллагаанд тодорхой чиглэл болох болно.
АНУ-ын Холбооны Засгийн газар нь хөгжлийн санхүүжилттэй агентлагуудтай хамтран ажилладаг бөгөөд илүү өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг. Харин Худалдааны яам нь бизнесийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Тиймээс хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд бид Монгол Улсын Зам тээврийн яамыг холбогдох байгууллагуудад зуучилж өгөх болно. Бидний зүгээс хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллахаас гадна төмөр замын салбарт боловсон хүчин бэлтгэх, сургах чиглэлд нээлттэй хандах болно гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!