Казахстаны Астана хотод Дэлхийн нүүдэлчдийн V наадам есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд болж байна. Тус наадамд 89 орны 2700 орчим тамирчин спортын 21 төрөлд 97 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа бол манай улсаас 66 тамирчин спортын 16 төрөлд ур чадвар, хүч, хурдаа сорьж байна.
Наадмын гурав дахь өдөр хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, Монгол Улсын багийн медаль (3 мөнгө, 6 хүрэл) ес болов. Өчигдөр модон барилдааны 90 кг жинд Ц.Өнөрбат мөнгө, морьт барилдааны -100 кг-д Ж.Бахытжан мөнгө, +100 кг жинд Ш.Харжаубай, уламжлалт харвааны төрлөөр Ц.Хүдэрчулуун хүрэл, казах кураш бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Ц.Батцэцэг хүрэл медаль хүртлээ.
Ц.Өнөрбат нь ДАШТ-ий хошой мөнгөн медальтай бөгөөд Ази тивийн мөнгө, Европын АШТ-ий хүрэл медальтай тамирчин юм. Ц.Хүдэрчулууны хувьд гавьяат тамирчин, Монгол Улсын дархан мэргэн цолтой билээ. Харин Ц.Батцэцэг казак кураш бөхийн дэлхийн аварга, жиү жицү бөхийн дэлхийн аварга юм. Монгол Улсын баг өнөөдрийн байдлаар гурван мөнгө, зургаан хүрэл медальтай 89 орноос 11 дүгээр байрт жагсаж байна.
Эх сурвалж: БТСУХ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!