Узбекистанд болж буй футзалын ДАШТ-ий шөвгийн наймын тоглолтууд өнөөдөр эхэллээ.
Бухарад болсон эхний тоглолтод дэлхийн таван удаагийн аварга Бразилийн хөлбөмбөгчид Африкийн футзалын шилдэг баг, " Хар тивээс" шөвгийн наймд сүүлийн хоёр ДАШТ-д дараалан үлдэж буй ганц баг Мароккотай тоглов.
11 дэх минутад Бразилийн Марсел булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг газар буулгалгүй шууд гуядан гоё гоол хийж, тооны харьцааг нээв. Марселийн энэ ДАШТ-д оруулж буй 10 гоол бөгөөд тэрбээр " мэргэн буучдын" жагсаалтыг тасархай тэргүүлж байгаа.
Төдөлгүй Бразилийн Лино маш гоё довтолгооны хувилбарыг амжилттай төгсгөж 2:0, багийн ахлагч Диего хувийн ур чадвараа харуулан 3:0 болгосон. Марокко нэр төрийн нэг гоол оруулсан ч энэ нь футзалын шилдэг багийг сандаргасангүй ээ.
Бразил 3:1- ээр хожин хагас шигшээд шалгарлаа. Футзалын ДАШТ 1989 оноос хойш ФИФА-ийн далбаан доор 10 дахь удаагаа зохиогдож буй бөгөөд Бразилийн "заалныхан" 9 дэх удаагаа хагас шигшээд шалгарч буй нь энэ бөгөөд найман медаль ( 5 алт, 1 мөнгө, 2 хүрэл) хүртсэн амжилттай байгаа.
Бразилчууд 2016 оны ДАШТ-д цорын ганц удаа шөвгөрч чадаагүй бөгөөд плей-оффын эхний даваанд Ирантай 4:4-өөр тэнцээд " пенальти"-аар (2:3) хожигдож байв.
Өнөөдрийн хоёр дахь тоглолтод Ташкент хотноо Украин-Венесуэл өрсөлдөж, Украин 9:4-өөр илүүрхэв. Өмнөх тоглолтод тэмцээний гол фаворитын нэг, дэлхийн хошой аварга, гурван мөнгө, нэг хүрэл медальт Испанийг 2:1-ээр буулган авсан Венесуэлчүүд 0:1, 1:3 -аар хожигдож яваад хоёр ч удаа тоог тэнцүүлж, 3:3 болгосон ч дэндүү сул хамгаалалтынхаа горыг амсан 9 гоол алдан хожигдлоо.
Украин 1996 оны ДАШТ-д дөрөвдүгээр байр эзэлж байснаасаа хойш 28 жилийн дараа хагас шигшээд дахин хүрлээ.
10 дугаар сарын хоёронд болох
"Узбекистан -2024" ФИФА Футзалын ДАШТ-ий эхний хагас шигшээд ийнхүү Бразил-Украин халз үзэх болов.
Харин маргааш болох Франц-Парагвай, Казахстан-Аргентиний тоглолтуудаас хоёр хагас шигшээд ямар баг тоглох нь тодорхой болох юм.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
"Узбекистан-2024" футзалын ДАШТ-ий мэдээллийн спонсор:
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!