ЛОНДОН, 2024 оны есдүгээр сарын 30 /AFP/. Их Британи улс нүүрсээр ажилладаг сүүлчийн цахилгаан станцаа өнөөдөр хааснаар цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд уг олборлодог түлшийг ашиглахаа больсон “Долоогийн бүлэг”-ийн анхны орон болно.
60 орчим жилийн турш Английн төв нутгийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд давамгайлсаар ирсэн “Ratcliffe-on-Soar” цахилгаан станцыг хааж буй нь 2030 он гэхэд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээс ялгарах нүүрстөрөгчийн хийн ялгарлыг тэглэх, улмаар 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийн зөрүүг тэглэх Их Британийн зорилгын хувьд бэлгэдлийн шинжтэй алхам болж байна.
“Манай улсын хувьд нүүрсний эрин үе дуусаж, цэвэр эрчим хүчний салбарын шинэ эрин эхэлж байна” гэж Эрчим хүчний сайд Майкл Шанкс мэдэгджээ. “Ratcliffe-on-Soar” станцыг эзэмшдэг “Uniper” компанийн мэдэгдсэнээр, уг станцыг ирэх 10 дугаар сараас эхлэн хоёр жилийн хугацаанд татан буулгах бөгөөд оронд нь “нүүрстөрөгч ялгаруулдаггүй технологи, эрчим хүчний төв”-ийг байгуулах ажээ.
Ингэснээр Их Британи улс 140 жилийн турш үргэлжилсэн нүүрснээс хараат байдлаа дуусгавар болгож байгаа бөгөөд “Долоогийн бүлэг”-ийн чинээлэг улсуудын дундаас нүүрсийг ашиглан цахилгаан үйлдвэрлэхээс татгалзсан анхны улс болж байна. Энэхүү зорилгод Итали улс ирэх онд, Франц 2027 онд, Канад 2030 онд, Герман 2038 онд тус тус хүрэхээр төлөвлөж байна. Харин Япон, АНУ тодорхой тов танилцуулаагүй байна.
Их Британийн “Greenpeace” байгууллагын бодлогын асуудал эрхэлсэн дарга Даг Парр хэлэхдээ, Их Британи улс дэлхийн бусад улс орнуудад үлгэр жишээ үзүүлж байна гээд, дэлхийн бүх улс орон COP28 бага хурлын үеэр өгсөн олборлодог түлшнээс татгалзах амлалтаа биелүүлж, газрын тос, байгалийн хийн хэрэглээг үе шаттайгаар зогсоохын тулд хийх зүйл их байгааг онцолжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Э.Хулан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!